Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    1 — Бyзap Муугийн Yндэc

    Гэм нүглийн гарал үүсэл хийгээд түүний оршин буй учир шалтгаан нь олон хүнд туйлын их тавгүйцлийг төрүүлдэг. Тэд бузар муугийн тархсан цар хүрээ, учруулсан сүйрэл гамшиг, болон гай зовлонг хараад энэ бүхэн хэрхэн яаж мэргэн ухаантай, хүч чадал хийгээд хайр энэрлийн дээд Бурханы эрх мэдлийн дор бий болов оо хэмээн гайхширдаг. Энэ нууцад тэд ямар ч хариулт олж чаддаггүй. Тэд ээдрээтэй, эргэлзээтэй байдлаасаа болж Бурханы үгэнд тодорхой илчлэгдсэн, авралд хэрэгтэй олон үнэнийг олж харж чаддаггүй. Гэм нүглийн оршин тогтнолын учир шалтгааныг олох гэж, Бурханы хэзээ ч илчлээгүй талбарт эрэл хайгуул хийдэг хүмүүс бий. Тэд тэндээс асуудлынхаа хариуг олж чаддаггүй. Эргэлзээ бухимдалдаа баригдсан тэд энэ асуудлыг Бурханы Ариун Бичээсийн үгсийг үл хэрэгсэх шалтаг болгодог. Бусад нь бас л Бурханы зан чанар, засаглалынх нь тогтолцоо хийгээд Түүний гэм нүгэлд хандах байр суурийн тухай Библийн сургаалыг гуйвуулсан зан заншил болон уламжлалт төөрөгдлүүдээс болоод бузар муугийн учруулсан их гай зовлонгийн тухай бүрэн ойлголт авч чаддаггүй.AT 3.1

    Гэм нүглийн гарал үүсэл хийгээд түүний оршин тогтнолын учир шалтгааныг бүрэн тайлбарлах боломжгүй. Гэхдээ гэм нүглийн гарал үүсэл хийгээд түүний эцсийн төгсгөлөөс Бурханы бузар мууд юутай шударга, нигүүлсэнгүй хандсаныг бүрэн илэрхийлэх хангалттай зүйлсийг ойлгож болно. Бичээст нүглийн гарал үүсэлд Бурхан ямар ч хамаагүй болохыг юунаас илүү тодорхой сургасан байдаг. Бурханы нигүүлсэл дутсанаас юм уу эсвэл Түүний засаглал доголдсоноос болж тэрхүү бослого үүсээгүй.AT 3.2

    Нүгэл бол оршин тогтнох ямар ч үндэслэлгүй түрэмгийлэгч. Нүгэл бол учир битүүлэг бөгөөд учир утгагүй. Нүглийг үл ойшоох нь, түүнийг хамгаалж буй хэрэг. Нүглийн учир утга, оршин тогтнох шалтгаан олдох боломжтой байсан бол энэ нь нүгэл биш болох байсан. Нүглийн тухай бидний мэдэх цорын ганц тодорхойлолт Бурханы үгэнд бичигдсэн байдаг. Энэ бол “Бурханы хуулийг зөрчих явдал юм.” Энэ нь тэнгэрийн засаглалын үндэс болсон хайрын их хуультай дайтаж буй зарчмын биелэл юм.AT 3.3

    Бузар муу гарч ирэхээс өмнө ертөнц даяараа энх амаглан, аз жаргалтай байжээ. Бүхий л зүйлс Бүтээгчийн хүсэлтэй төгс нийцэлд оршин тогтнож байв. Бурханыг хайрлах хайр бялхаж, бусдыг хайрлах хайр дүүрэн байлаа. Үг буюу Бурханы Цорын Ганц Хүү болох Христ мөнхийн Эцэгтэйгээ мөн чанар, зан байдал хийгээд зорилго тэмүүллээрээ нэг байжээ. Тэр бол Бурханы зөвлөл хийгээд зорилгуудад нэвтэрч чадах ертөнц дээрх цорын ганц оршихуй юм. Эцэг нь Христээр бүхий л тэнгэрлэг оршихуйг бүтээлгэжээ. “Учир нь Түүн дотор тэнгэр ... дахь бүх юмс, ... хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл бүх эрх мэдлүүд ч бүтээгдсэн.” Колоссай 1:16. Бүх тэнгэр Христэд Эцэгийн адил бүрэн үнэнч хүчин зүтгэжээ.AT 4.1

    Хайрын хууль бол Бурханы засаглалын үндэс бөгөөд, бүх бүтээлүүдийн аз жаргал нь өөрсдийн зөвт ёсны зарчмуудтай төгс нийцтэй мөн чанартаа оршиж байлаа. Бурхан бүх бүтээлүүдээсээ Өөрийнх нь зан чанарыг ухамсарлан дэмжсэн хайрын үйлчлэл хийгээд үнэнч сэтгэлийг хүсдэг. Тэрээр хүчлэн дарангуйлах явдалд огт дургүй бөгөөд, Өөрт нь сайн дураараа үйлчлэх боломж олгохын тулд бүгдэд сонгох эрх чөлөө хайрлажээ.AT 4.2

    Харин тэгтэл энэхүү эрх чөлөөг шамшигдуулсан нэгэн гарч иржээ. Эрэмбээрээ Христийн дараа жагсаж, Бурханы хүндэтгэлийг дээд зэргээр хүлээсэн, тэнгэрт оршигчдын дунд хүч чадал хийгээд сүр жавхлангаараа хамгийн дээр зогсдог түүний дотор гэм нүгэл эхэлжээ. Нүгэл үйлдхээсээ өмнө Лусифер ариун, бузартаагүй халхлагч херубуудын тэргүүлэгч байсан юм. “Эзэн Бурхан ийнхүү айлдаж байна. 4Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв.... Чи бол халхалдаг тослогдсон Херуб байсан ба Би чамайг байрлуулсан. Чи Бурханы ариун ууланд байлаа. Чи галт чулуунуудын дундуур явав. Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.’” Езикиел 28:12-15.AT 4.3

    Лусиферт цаашид Бурханы таалалд нийцэж, тэнгэр элч нарын хайр, хүндэтгэлийг хүртэн, дээд хүч чадлаараа бусдад ерөөл, Бурханд алдрыг авчирсаар амьдрах боломж байсан. Гэвч эш үзүүлэгч “Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав. Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан” (17-р ишлэл) гэжээ. Лусифер бага багаар өөрийгөө өргөмжлөх хүсэлд автах болов. 44Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон.” 44 Учир нь чи зүрхэндээ 4... Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би ... чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно’ гэсэн.” 6-р ишлэл, Исаиа 14:13,14. Бурхан уруу бүтээлүүдийнх нь хайр хүндэтгэлийг хандуулахын оронд Лусифер тэдний үйлчлэл хийгээд зүрх сэтгэлийг өөртөө урвуулахыг чармайх болсон байна. Мөнхийн Эцэгийн Хүүдээ хайрласан хүндлэлд мөн шунасан энэхүү тэргүүлэгч тэнгэр элч зөвхөн Христэд заяасан эрх мэдлийн төлөө тэмцэх болов.AT 4.4

    Бүхий л тэнгэр Бүтээгчийн алдрын илэрхийлэл болж, Түүнд магтаалыг өргөхдөө баярлан хөөрдөг байв. Бурханыг ийнхүү хүндэтгэж байхдаа бүгд энх амгалан, эрхэм жаргалтай байдаг байжээ. Гэвч нийцэлгүй нэгэн эгшиг огторгуйн дуурьсалыг эвджээ. Өөртөө үйлчилж, өөрийгөө өргөмжлөх Бүтээгчийн төлөвлөгөөнөөс гажууд сэтгэлгээ Бурханы алдрыг дээдэлдэг бүтээлүүдийн оюун ухаанд бузар муу сэхээрлийг төрүүлэх болов. Тэнгэрийн зөвлөлүүд Лусифераас учирлан гуйв. Бурханы Хүү түүнд Бурханы хүч чадал, сайн сайхан хийгээд шударга ёсыг болон Түүний хуулийн хувиршгүй ариун чанарыг харуулжээ. Бурхан өөрөө тэнгэрийн дэг журмыг тогтоожээ. Энэ журмыг эвдвээс Лусифер Бүтээгч Эзэнээ гутааж, өөрийгөө сүйрүүлэх байлаа. Гэвч хязгааргүй хайр, нигүүлслийн сануулга зөвхөн эсэргүү сэтгэлийг л төрүүлжээ. Лусифер Христэд атаархах сэтгэлээ өөгшүүлж, сэтгэлээ улам хатууруулжээ.AT 5.1

    Сүр жавхлангаар бахархах явдал эрх мэдлийн төлөөх санаархлыг тэтгэжээ. Лусифер өөрт нь заяасан дээд хүндлэлд Бурханаас бэлэг авлаа хэмээн баярлаагүй бөгөөд Бүтээгчдээ огт талархаагүй юм. Тэрээр сүр жавхлан, алдар нэрээ мандуулж, Бурхантай адил болохыг хүсжээ. Тэрээр тэнгэр элч нарын хайр, хүндлэлийг хүлээсэн байв. Тэнгэр элч нар түүний тушаалыг биелүүлэхдээ баярлан хөөрдөг байсан бөгөөд тэрээр мэргэн ухааныг өмсөж, тэднээс илүү алдартай байлаа. Гэвч Бурханы Хүү бол тэнгэрийн Дээд Эзэн мөн бөгөөд Эцэгтэйгээ эрх мэдэл, хүч чадлаараа тэнцүү байлаа. Бурханы бүх зөвлөлд Христ оролцож байхад Лусифер харин тэнгэрийн төлөвлөгөөнд оролцох эрхгүй байдаг байв. Энэ хүчирхэг тэнгэр элч дотроо “яагаад Христ дээд эрх мэдлийг эзэмших ёстой вэ? Яагаад Тэрээр Лусифераас илүү өргөмжлөгдөнө вэ?” хэмээн асуужээ.AT 5.2

    Лусифер Бурханы дэргэдэх байрнаасаа холдож, тэнгэр элч нарын дунд ханамжгүй сэтгэлийг төрүүлэхээр явжээ. Тэрээр учир битүүлэг нууц явуулга өрнүүлэх зуураа анхандаа Бурханыг хүндэтгэх дүрээр үнэн санаагаа далдалж байсан бөгөөд тэнгэрийн оршин суугчдыг удирдах хууль дүрмүүдийн тухай ханамжгүй сэтгэгдлийг төрүүлж, тэдгээрийг шаардлагагүй ачаа дарамт хэмээн буруутгах болжээ. Нэгэнт тэнгэр элч нар ариун мөн чанартай учир, тэд өөрсдийн хүсэл тэмүүллээ дагахад болно хэмээн тэр ятгаж байлаа. Тэрээр Бурхан Христэд дээд хүндлэлийг үзүүлснээрээ өөрт нь шударга бус хандлаа хэмээн учирлан бусдад өрөвдөх сэтгэл төрүүлэхийг хичээжээ. Тэрээр өөрийн илүү сүр хүч, эрх мэдэл хүсэмжилж байгаагаа өөрийгөө алдаршуулахын тулд бус харин тэнгэрийн бүх оршин суугчдад эрх чөлөөг хайрлаж, тэднийг оршихуйн илүү өндөр түвшинд хүргэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэл юм хэмээн таниулжээ.AT 5.3

    Бурхан Лу сиферт их өршөөл үзүүлэн удаан тэвчжээ. Т эрээр анхлан ду ндуу р сэтгэгдлээ илэрхийлж эхлэхдээ төдийгүй, бүр үнэнч тэнгэр элч нарт худал ятгалга явуулж эхлэхдээ хүртэл өндөр дээд суудлаасаа буулгагдаагүй байлаа. Тэрээр тэнгэрт тун ч удаан үлджээ. Түүнд гэмшиж, бууж өгсөн тохиолдолд өршөөл уучлалыг дахин дахин амлаж байлаа. Зөвхөн хайр хийгээд мэргэн ухааны дээд Эзэний л төлөвлөж чадах олон янзаар түүний алдааг ухааруулах гэж үзжээ. Дундуур сэтгэгдэл урьд нь тэнгэрт хэзээ ч байгаагүй. Лусифер өөрөө ч гэсэн яг ямар зүгт хазайж байгаагаа ухаараагүй юм. Тэрээр өөрт нь төрж буй сэтгэгдлүүдийн үнэн чанарыг ойлгоогүй юм. Гэвч түүний дундуур сэтгэгдэл ямар ч учир шалтгаангүй болох нь батлагдахад, Лусифер өөрийн буруу, Бурханы зөв болохыг ухаарсан бөгөөд энэ үнэнийг бүх тэнгэрийн өмнө хүлээн зөвшөөрөх шаардлагатай болов. Хэрэв тэр тэгсэн бол өөрийгөө болон олон тэнгэр элч нарыг аврах байсан юм. Тэрээр тухайн үедээ Бурханд үнэнч байдлаа бүрэн орхиогүй байжээ. Хэдий халхалдаг херубын байр сууринаасаа өөрөө татгалзсан байсан боловч хэрэв тэр Бурханд буцаж очин, Бүтээгчийн мэргэн ухаанд шүтэж, Бурханы агуу төлөвлөгөөнд өөрийн эзлэх байр сууриа хүлээн зөвшөөрсөн бол түүнийг байр сууринд нь эргүүлэн залж болох байв. Гэвч бардам зан түүнд бууж өгөхийг зөвшөөрсөнгүй. Тэрээр өөрийн үйлдлээ тууштай хамгаалж, өөрийгөө гэмших шаардлагагүй хэмээн уйгагүй зүтгэж, Бүтээгч Эзэнийхээ эсрэг агуу тэмцэлд эргэлт буцалтгүй оржээ.AT 6.1

    Түүний оюуны агуу хүч чадал ийнхүү зөвхөн мэхлэлт хийгээд өөрийнхөө удирдлага дор байсан тэнгэр элч нарын дэмжлэгийг олоход зориулагдах болов. Христийн өөрт нь анхааруулж, зөвлөж байсан явдлыг хүртэл тэр урвалтын төлөвлөгөөндөө зүй бусаар ашиглажээ. Өөрийн хамгийн дотны итгэлт албатууддаа Сатан өөрийгөө хэлмэгдэж, байр сууриа булаалгаж, эрх чөлөөгөө зөрчүүлсэн нэгэн болгон таниулсан байна. Тэрээр Христийн үгсийг урвуулаад зогсохгүй, улмаар булзааруулж, ил цагаан худал ярьж, Бурханы Хүүг өөрийг нь тэнгэрийн оршин суугчдын өмнө гутамшиг болгохыг оролдсон хэмээн буруутгажээ. Тэрээр өөрт нь үнэнч тэнгэр элч нартай хуйвалдан бас өөр ов мэх сэджээ. Тэрээр урвуулж, өөрийнхөө талд оруулж чадаагүй бүх тэнгэр элч нарыг тэнгэрийн оршин суугчдын эрх ашгийг үл ойшоолоо хэмээн буруутгажээ. Тэрээр өөрийнхөө үйлдэж байсан хэргийнхээ бурууг Бурханд үнэнч үлдэгсдэд тохжээ. Тэрээр Бурханы өөрт нь шударга бус хандсаныг батлахын тулд Бүтээгч Эзэнийхээ үгс болон үйлсийг бас урвуулан ярьж эхлэв. Тэнгэр элч нарыг Бурханы зорилгуудын талаарх хамгийн адгийн буруутгалуудаар зовоох нь түүний төлөвлөгөө байлаа. Тэр энгийн байсан бүхнийг учир битүүлэг болгож, уран арга хэрэглэн Ехува Бурханы хамгийн тодорхой айлдваруудыг эргэлзэх шалтаг болгожээ. Тэнгэрийн засаглалд дэндүү ойр байсан байр суурь нь түүний мэхлэлтэд үлэмж нэмэр болж, олон тэнгэр элч Тэнгэрийн эрх мэдлийн эсрэг түүний тэмцэлд нэгдэн урважээ.AT 6.2

    Бу рхан мэргэн у хаанаараа Сатанд ду ндуу р сэтгэгдлээ бүрэн бос лого болгох хүртэл нь ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Түүний төлөвлөгөөнүүдийг бүрэн боловсорч дуустал нь хүлээх шаардлагатай байжээ. Учир нь тэгж байж л тэдгээрийн мөн чанар хийгээд чиг хандлага бүгдэд илэрхий болох юм. Лусифер тослогдсон херуб байсан тул өндөрт өргөмжлөгдсөн байлаа. Тэнгэрийн оршин суугчид түүнийг ихэд хайрладаг байсан тул, тэдний дунд түүний нөлөө үлэмж их байв. Бурханы засаглалд зөвхөн тэнгэрийн оршин суугчдыг төдийгүй Түүний бүтээсэн бүх гарагууд захирагдаж байлаа. Сатан хэрэв тэнгэр элч нарыг өөрийнхөө бослогт урвуулж чадах юм бол бусад гарагуудыг нь өөрийнх болгож болох юм байна хэмээн сэтгэжээ. Тэрээр дэмжигчдээ олж авахын тулд асуудлыг өөрийн талаас гарамгай тайлбарлаж, уран үгээр хууран мэхлэжээ. Түүний мэхлэх чадвар тун сайн байсан бөгөөд өөрийгөө худал хуурмаг дотор нуун далдалснаар тэр их амжилт олжээ. Бүр үнэнч тэнгэр элч нар хүртэл түүний мөн чанарыг бүрэн таньж, ажил үйлсийнх нь үр дагаврыг ухаарах чадваргүй байлаа.AT 7.1

    Сатан өөрөө үлэмж дээд хүндэтгэл хүлээсний дээр, түүний бүх үйлдлүүд учир битүүлэг байсан учир тэнгэр элч нарт түүний үйлсийн жинхэнэ мөн чанарыг таниулах туйлын ярвигтай байжээ. Бүрэн боловсорч гүйцэтлээ гэм нүгэл юутай бузар муу байсан нь тодорхой харагдахгүй байлаа. Урьд өмнө Бурханы ертөнцөд гэм нүгэл оршин байгаагүй учир ариун бүтээлүүдэд нүглийн мөн чанар хийгээд хор уршигийн тухай төсөөлөл ч байхгүй байв. Тэд тэнгэрийн хуулийг уландаа гишгэснээс болж ямар аймшигтай үр дагавар гарч болохыг ойлгож чадсангүй. Сатан анхандаа үйл хэргээ хуурамчаар Бурханд үнэнч дүр үзүүлэн нууцалж байлаа. Тэрээр өөрийгөө Бурханы нэр хүндийг өргөж, Түүний засаглалыг тогтворжуулж, тэнгэрийн оршин суугчдын эрх ашгийн төлөө хүчин зүтгэж байна хэмээн зарлажээ. Өөрийнхөө дор байсан тэнгэр элч нарын оюун санаанд дундуур сэтгэгдэл төрүүлэхийн сацуу тэр өөрийгөө тэрхүү дундуур сэтгэгдлийг зайлуулахыг чармайж буй мэтээр харуулсан байна. Тэрээр Бурханы засаглалын бүтэц хийгээд хуульд өөрчлөлт оруулахыг шаардахдаа, ингэх нь тэнгэрийн эв найрамдлыг хадгалахад зайлшгүй чухал байгаа мэтээр дүр эсгэж байв.AT 7.2

    Бурхан гэм нүгэлд зөвхөн зөвт байдал хийгээд үнэнээр хандаж чадна. Харин Сатан бол Бурханы хэрэглэжчадахгүй худал хуурмаг болон мэхлэлтийг хэрэглэж чадна. Тэрээр тэнгэр элч нарын өмнө Бурханыг тэнгэрийн оршин суугчдад хууль дүрэм тогтоож өгөхдөө шударга бус хандсан бөгөөд Түүний бүтээлүүдээсээ дуулгавартай захирагдахыг шаардаж байгаа нь зөвхөн Өөрийгөө өргөмжлөх зорилготой билээ хэмээн тунхаглаж, Түүний үгийг гуйвуулж, Түүний засаглалын төлөвлөгөөг буруу таниулахыг оролджээ. Тиймээс тэнгэрийн оршин суугчид хийгээд ертөнцийн бүх гарагууд Бурханы засаглал шударга бөгөөд Түүний хууль нь төгс төгөлдөр болохыг үзүүлэх ёстой болжээ.AT 8.1

    Сатан өөрийгөө бүх ертөнцийн сайн сайхныг эрэлхийлж буй мэтээр харуулжээ. Түрэмгийлэгчийн үнэн мөс чанар хийгээд түүний жинхэнэ зорилгыг бүгд ойлгох ёстой. Түүнд бузар муу үйлсээрээ өөрийнхөө тарыг таниулах цаг хугацаа хэрэгтэй. Сатан тэнгэрт өөрийн өдөөсөн эв нэгдэлгүй байдлын бурууг Бурханы хууль хийгээд засаглалд тохжээ. Түүнээс үүдсэн бүхий л бузар мууг тэр Бурханы удирдлагын үр дагавар хэмээн тунхаглав. Тэрээр өөрийгөө Ехувагийн хууль тогтоолуудыг сайжруулах зорилготой хэмээн таниулжээ. Тиймээс түүнд өөрийнхөө тунхаглалуудын үнэн мөнийг таниулж, тэнгэрийн хуульд оруулахаар санаархсан өөрчлөлтүүдийнхээ үр дүнг харуулах шаардлага тулгарав. Түүний үйлс өөрийг нь буруутгах ёстой. Сатан анхнаасаа Бурханы эсрэг бослого гаргаагүй хэмээн тунхагласаар иржээ. Мэхлэгчийн далдлаагүй нүүрийг бүх ертөнц харах ёстой.AT 8.2

    Түүний тэнгэрт байх газаргүй болох нь шийдэгдсэн хойно ч гэсэн Алдашгүй Мэргэн Бурхан Сатаныг устгаагүй юм. Бурхан зөвхөн хайрын үйлчлэлийг хүлээн авдаг тул Түүний бүтээлүүдийн үнэнч байдал Түүний шударга ёс хийгээд хайр энэрлийн ил тод байдал дээр тогтож байдаг. Хэрэв тэгэхэд Бурхан Сатаныг устгасан бол нүглийн мөн чанар болон үр дагаврыг ухаарах бэлтгэлгүй байсан тэнгэрийн хийгээд бусад гарагсын оршин суугчид Түүний шударга ёс ба өршөөл хайрыг олж харж чадахгүй байх байлаа. Хэрэв тэгэхэд Сатаныг шууд устгасан бол бүтээлүүд нь Бурханд хайраас илүүтэй айдсын үйлчлэл үзүүлэх байлаа. Тэгснээр мэхлэгчийн хор хөнөөл бүрэн устахгүй, түүний тэрс сэтгэлгээ бүрмөсөн арилахгүй байх байжээ. Бузар мууг боловсорч гүйцтэл нь зөвшөөрөх ёстой. Сатаны тэнгэрийн засаглалд тохсон буруутгалуудыг бүх бүтээлүүдэд үнэн утгаар нь бүрэн таниулж, Бурханы шударга ёс, өршөөл хайр болон Түүний хуулийн хувиршгүй мөн чанарыг өнө мөнхөд ямар ч эргэлзээгүй батлахын тулд Сатанд бүх ертөнцийн сайн сайхны төлөө улиран урсах олон зууны туршид зарчмуудаа бүрэн боловсруулж дуусах боломж олгох ёстой.AT 8.3

    Сатаны бослого бол гэм нүглийн мөн чанар хийгээд аймшигт үр дагаврын өнө мөнхийн гэрчилгээ болж ирээдүйн бүхий л үеүдийн туршид ертөнц дахинд сургамж болох ёстой. Сатаны сургаалын хэрэгжилт, түүний хүн болоод тэнгэрт элч нарт үзүүлсэн нөлөө нь тэнгэрийн эрх мэдлийг үл тоомсорлох ямар үр дүнтэй байдгийг харуулнам. Энэ нь мөн Бурханы засаглал болон Түүний хуулийн оршин тогтнолоос Түүний бүх бүтээлүүдийн аз жаргал бүрэн хамаарч байдаг болохыг гэрчилж байна. Тиймээс энэхүү бослого хэмээх аймшигт туршилтын түүх бол бүх ариун оршихуйн мөнхийн хамгаалалт болж, тэднийг гэм нүглийн мөн чанарт мэхлэгдэхээс сэргийлж, нүгэл үйлдэж, шийтгэлийг нь хүртэхээс хамгаалах ёстой байжээ.AT 9.1

    Тэнгэрт болсон тэмцлийн төгсгөл хүртэл агуу гүжирдэгч өөрийгөө зөвтгөсөөр байсан юм. Түүнийг бүхий л дэмжигчдийнхээ хамт амгалан энхжингийн орноос хөөгдөх болсныг зарлахад бослогын удирдагч Бүтээгчийн хуулийг үзэн ядаж байгаагаа зоригтой зарлан тунхаглажээ. Тэрээр тэнгэр элч нарт ямар ч удирдлага хэрэггүй, тэд хүслийнхээ дагуу явах юм бол хэзээ ч буруутахгүй хэмээх тунхаглалаа дахин давтжээ. Тэрээр тэнгэрийн хууль дүрмийг эрх чөлөөг хязгаарлагч хэмээн буруутгаж, хэрэв энэхүү хориглолтоос суллагдвал тэнгэрийн оршин суугчид илүү өндөрт өргөмжлөгдөж, оршихуйн илүү дээд төрлийг олох учир, хуулийг халах зорилготой байгаагаа зарласан байна.AT 9.2

    Сатан болон түүнийг дэмжигчид хэрэв өөрсдийг нь зэмлээгүй байсан бол тэд хэзээ ч тэрсэлдэхгүй байх байсан хэмээн зарлаад нэгэн дуугаар өөрсдийн өдөөсөн бослогынхоо буруу бүгдийг Христэд тохжээ. Ийнхүү Бурханы засаглалыг түлхэн унагахыг оролдоод бүтэлгүйтсэн боловч өөрсдийгөө дарангуйлагчийн гэмгүй хохирогчид хэмээн зарласаар байсан увайгүй, гөжүүд урвагчид болох бослогын толгойлогч болон түүний дэмжигчид эцэст нь тэнгэрээс хөөгджээ.AT 9.3

    Тэнгэрт бослого өдөөсөн яг тэр сүнс эдүгээ дэлхийд бослого өдөөсөөр байна. Сатан тэнгэр элч нарыг уруу татсан аргаараа хүмүүсийг уруу татжээ. Түүний сүнс эдүгээ дуулгаваргүй хүүхдүүдийн дотор ноёлж байна. Тэд түүнтэй адил Бурханы хуулийн хориглолтыг эвдэж, хүмүүст хуулийн заалтуудыг зөрчих эрх чөлөөг амладаг. Нүглийн буруутгал эдүгээ үзэн ядалт хийгээд эсэргүүцлийг төрүүлсээр байна. Бурханы анхааруулгууд ухамсарт орж ирэхэд, Сатан хүмүүсийг өөрсдийгөө зөвтгөж, нүглийн замдаа бусдын дэмжлэгийг авах гэж эрэлхийлэх явдалд уруу татдаг. Тэд буруугаа хүлээхийн оронд буруутгагчийг бүхий л гайг тарьсан буруутан мэт үзэж, түүнд хилэгнэдэг. Зөвт Абелын үеэс энэ үеийг хүртэл нүглийг буруутгаж зүрхэлсэн хүмүүст ингэж хандсаар байгаа билээ. Сатан тэнгэрт Бурханы зан чанарыг буруу таниулж, Түүнийг харгис, дарангу йлагч болж үзэгдэхэд хүргэсэн шигээ хүмүүсийг нүгэлд уруу татдаг. Үүндээ амжилт олсон тэр Бурханы шударга бус хорио цээрүүд өөрийг нь бослого гаргахад хүргэсний адил хүмүүсийг уналтад орууллаа хэмээн зарлав.AT 9.4

    Гэвч Мөнхийн Эзэн Өөрөө зан чанараа тунхаглажээ: “Эзэн Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй.” Египетээс гарсан нь 34:6,7.AT 10.1

    Бурхан Сатаныг тэнгэрээс хөөснөөрөө Өөрийн шударга ёсыг зарлаж, хаан сэнтийнхээ нэр хүндийг хамгаалсан байна. Гэвч хүн энэхүү урвагч сүнсний мэхлэлтэд автан гэм нүгэл үйлдэхэд Бурхан унасан хүн төрөлхтний төлөө цорын ганц Хүүгээ золиослон хайраа харуулав. Эвлэрүүлэлд Бурханы зан чанар илчлэгджээ. Загалмайн дээрх хүчтэй баталгаа бүх ертөнцөд Лусиферын сонгосон гэм нүглийн замналын буруу Бурханы засаглалд огт хамаагүй болохыг харуулж өгсөн юм.AT 10.2

    Христ Сатан хоёрын хоорондын тэмцэлд Аврагчийн дэлхий дээр үйлчлэлийн үеэр их мэхлэгчийн баг нь хуурч үнэн зан чанар нь илэрсэн байна. Дэлхийн Аврагчийг ниргэсэн түүний харгис дайралтаас илүүтэй өөр юу ч тэнгэр элч нарын болон бүх ариун ертөнцийн хүсэл шохоорхлыг Сатанаас бүрмөсөн хөндийрүүлж чадахгүй байх байлаа. Христийг өөртөө мөргөхийг шаардаж зүрхэлсэн түүний хэрээс хэтэрсэн доромжлол, Эзэнийг өндөр уул болон сүмийн орой дээр аваачсан түүний хуурамч бүдүүлэг зан чанар, Эзэнийг эгц орой дээрээс доош үсрэхийг шаардахдаа харуулсан түүний хорон санаа, Эзэнийг газар бүрт хавчиж, тахилч нар болон ард түмэнд Түүний хайраас татгалзаж, эцэст нь “Түүнийг цовдол! Түүнийг цовол!” хэмээн хашгирахад хүргэсэн түүний дуусашгүй дайсагнал, - энэ бүхэн ертөнцийн гайхлыг төрүүлж, уур хилэнг бадраажээ.AT 10.3

    Сатан дэлхийг Христээс татгалзахад хүргэжээ. Есүсийн өршөөл, хайр энэрэл дэлхий дахинд Бурханы зан чанарыг таниулж байсан учир бузар муугийн жонон бүхий л хүч чадал хийгээд ов мэхээ дайчлан Түүнийг хөнөөсөн байна. Сатан Бурханы Хүүгийн айлдсан үг бүрийг эсэргүүцэж, Аврагчийн амьдралыг зовлон, гашуудлаар дүүргэхийн тулд өөрийн төлөөлөгчдөө илгээжээ. Есүсийн ажил үйлсэд саад хийхийг оролдохдоо гаргасан түүний заль мэх болон худал гүтгэлгэ, дуулгаваргүй хүүхдүүдээр дамжин илэрсэн түүний уур хилэн, амьдралаараа хосгүй сайхныг үлгэрлэн харуулсан Эзэнд оноосон түүний харгис буруутгал гээд энэ бүхэн түүний ёроолгүй гүн хорсол заналаас гарчээ. Үйл явдлыг аймшигт автан чимээгүй ширтэж байсан бүх тэнгэрийн нүдэн дээр тэр атаархал хийгээд дайсагнал, үзэн ядалт хийгээд өс хонзонгийн дүрэлзэх галаар Калварын загалмай дээр Бурханы Хүүг ниргэжээ.AT 10.4

    Агуу золиослолоо гүйцэлдүүлээд Христ дээш өргөгдөж “Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байгаасай ... гэж Би хүсэж байна” (Иохан 17:24) хэмээн Эцэгээсээ гуйх хүртлээ Тэр тэнгэр элч нарын хүндэтгэлээс татгалзжээ. Тэгэхэд Эцэгийн сэнтийгээс өгүүлшгүй их хайр, хүчээр “Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн” (Еврей 1:16) хэмээн хариулсан юм. Есүсээс ямар ч толбо олдсонгүй. Түүний гутамшиг дуусч, золиослол нь гүйцэлдсэн тул Түүнд хамгийн эрхэм дээд нэрийг хайрласан байна.AT 11.1

    Ийнхүү Сатан гэм буруугаа хаацайлах ямар ч шалтаггүй болжээ. Тэрээр өөрийн үнэн зан чанар болох худалч, алуурчин болохоо илчилжээ. Хэрэв түүнд тэнгэрийн оршин суугчдыг захирахыг зөвшөөрсөн бол тэрээр эрхшээлд нь байсан хүмүүсийн хүүхдүүдийг удирдаж байсан яг тэр зангаа гаргах байсан. Тэрээр Бурханы хуулийг зөрчих нь эрх чөлөө хийгээд яруу алдрыг авчирна хэмээн зарласан байсан боловч энэ нь зөвхөн боолчлол хийгээд доройтлыг авчрах болно гэдэг нь батлагджээ.AT 11.2

    Тэнгэрийн зан чанар хийгээд засаглалд оноосон Сатаны худал буруутгал үнэн дүрээрээ илэрчээ. Тэрээр Бурханыг бүтээлүүдээсээ дуулгавартай захирагдахыг шаардахдаа ердөө л Өөрийгөө алдаршуулж байдаг хэмээн буруутгаж, Бүтээгч бүгдээс биеэ үгүйсгэхийг шаарддаг атлаа Өөрөө огт биеэ үгүйсгэж, золиос гаргадаггүй хэмээн зарлан тунхагласан байв. Эдүгээ дорой, нүгэлт хүн төрөлхтний авралын төлөө ертөнцийг Захирагч зөвхөн хайраас л гарч болох хамгийн агуу золиосыг гаргажээ. Учир нь “Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлжээ.” 2 Коринт 5:19. Мөн Лусифер ердөө хүндэтгэл, эрх мэдэлд санаархаж ертөнцөд гэм нүглийн үүд хаалгыг нээсэн байхад Христ нүглийг устгахын төлөө Өөрийгөө дорд болгож, үхэл хүртэл дуулгавартай байсан болох нь илэрхий болжээ.AT 11.3

    Бурхан эсэргүүцлийн зарчмуудыг жигшиж буйгаа илэрхийлсэн байна. Бүх тэнгэр Сатаныг буруутгаж, хүн төрөлхтнийг авархад нь Түүний шударга ёсны илрэлийг харжээ. Лусифер хэрэв Бурханы хууль хувиршгүй бөгөөд түүний шийтгэлүүд нь зайлшгүй юм бол нүгэлтэн болгон Бурханы тааллаас мөнхөд таслагдах болно хэмээн тунхагласан байжээ. Тэрээр нүгэлт хүн төрөлхтөн нэгэнт аврах боломжгүй болсон тул тэд өөрийнх нь зүй ёсны олз хэмээн тунхагласан байв. Гэвч хүмүүсийн төлөөх Христийн үхэл үл хайхарч боломгүй хүчтэй баталгаа болжээ. Хуулийн шийтгэл Бурхантай эн тэнцүү Түүний дээр бууж, хүн төрөлхтөн Христийн үнэн зөвийг үнэгүй хүртэж, гэмшилт амьдрал болон даруу зангаар Бурханы Хүүгийн адил Сатаны хүч чадлыг ялан дийлэх боломжтой болжээ. Тиймээс Бурхан бол Өөрөө зөв шударга бөгөөд Есүст итгэсэн бүхнийг зөвтгөгч мөн билээ.AT 12.1

    Гэвч зөвхөн хүмүүнийг аврахын төлөө Христ дэлхийд зовж, үхэх гэж ирсэн юм биш ээ. Тэрээр бас “хуулийг өргөмжилж”, “үүнийг хүндэтгэлтэй” болгохоор ирсэн юм. Хуульд зохих ёсоор нь хандах шаардлага зөвхөн энэ дэлхийн оршин суугчдад байгаа юм биш ээ. Харин энэ ертөнц дэх бүх гарагт Бурханы хууль бол хувиршгүй болохыг харуулах шаардлагатай байжээ. Хуулийн шаардлагуудыг өөрчилж болох байсан бол Бурханы Хүү тэдгээрийн зөрчлийн төлөө эвлэрүүлэл хийх гэж амиа золих хэрэггүй л байх байсан юм. Христийн үхэл хуулийн хувиршгүй болохыг харуулдаг. Нүгэлтнүүдийг аврахын тулд Эцэг Хүү хоёрыг хагацаасан тэрхүү золиослол бүх ертөнцөд шударга ёс хийгээд өршөөл энэрэл бол Бурханы хууль хийгээд засаглалын үндэс мөн болохыг харуулжээ. Энэхүү эвлэрүүллийн төлөвлөгөөнөөс өөр юу ч ингэж чадахгүй байсан юм.AT 12.2

    Шүүлтийн шийдвэрийг эцэслэн гүйцэтгэх үед гэм нүгэлд ямар ч учир шалтгаан байхгүй болох нь харагдах болно. Бүх дэлхийн Шүүгч Сатанаас “Чи юунд Миний эсрэг бослого гаргаж, Намайг хаанчлалын маань ард иргэдээс хагацаав?” хэмээн асуухад бузар муугийн үндэслэгчид ямар ч шалтаг олдохгүй. Ам бүхэн таглагдаж, бослогыг дэмжигчид бүгдээрээ ямар ч үг дуугарч чадахгүй.AT 12.3

    Калварын загалмай хуулийн хувиршгүй шинж чанарыг тунхаглахын зэрэгцээ бүх ертөнцөд нүглийн хөлс бол үхэл гэдгийг харуулдаг. Аврагчийн эцсийн хүчээ шавхан өгүүлсэн “Гүйцэлдлээ” гэх дуунаар Сатаны үхлийн дохио хангинажээ. Урт удаан үргэлжилсэн агуу тэмцэл тэгэхэд шийдэгдэж, бузар муугийн төгсгөл тодорхой болсон байна. Бурханы Хүү “үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ” (Еврей 2:14) устгахын тулд булшны нүхэнд оржээ. Лусифер өөрийгөө өргөмжлөх сэтгэлдээ хөтлөгдөн “Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.... Би Хамгийн Дээд Нэгэн шиг болно” гэж хэлсэн байдаг. Харин Бурхан түүнд ингэж тунхаглажээ: “Би чамайг газрын үнс болгов, ... чи ... хойшид байхгүй болно.” Исаиа 14:13, 14, Езикиел 28:18, 19. “4Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй’ гэж түмэн цэргийн Эзэн айлдаж байна.” Малахи 4:1.AT 12.4

    Бүх ертөнц даяараа гэм нүглийн мөн чанар хийгээд үр дагаврын гэрчүүд болцгоох болно. Нүглийг бүрэн устгах нь анхандаа тэнгэр элч нарт айдас төрүүлж, Бурханд гутамшгийг авчрах байсан бол эдүгээ энэ нь Түүний хүслийг биелүүлэх дуртай, хуулийг нь зүрхэндээ хадгалагч бүх бүтээлүүдийн өмнө Түүний хайрыг цагаатгаж, Түүний нэр хүндийг сэргээх болно. Бузар муу дахин хэзээ ч гарахгүй. “Зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй” (Нахум 1:9) хэмээн Бурханы үгэнд бичжээ. Сатаны боолчлолын дөнгө хэмээн буруутгасан Бурханы хууль ингээд эрх чөлөөний хууль болон өргөмжлөгдөх болно. Шалгарч, нотлогдсон бүтээлүүд өөрсдөд нь яндашгүй их хайрын хязгааргүй мэргэн зан чанараа бүрэн батласан Түүнээс дахин хэзээ ч урвахгүй.AT 13.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents