Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Хүүхдийн Хүмүүжил - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хоёрдугаар Бүлэг - Анхны Багш Нар

    Эцэг Эхчүүд Үүргээ Ухамсарлах Ёстой.—Эцэг эх нь үр хүүхдийнхээ анхны багш нь байх ёстой. (хх 21.1)XX 21.1

    Эцэг эхчүүд үүргээ хэрхэн ухамсарлах ёстой вэ? Залуу хүүхдүүдийн хөлд урхи болох зүйлс даян дэлхийгээр дүүрэн байна. Хувиа хичээж, жаргал хөөсөн амьдрал олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүд аз жаргал өөд хөтлөх зам мэт санагдах боловч далд аюулд хөтлөх зам тэдгээрийн төгсгөл ямар аймшигтай байдгийг ялгаж, салгаж чадахгүй. Тэд дур хүсэл, шунал тачаалдаа хамаг эрч хүчээ барж, сая саяараа энэ дэлхий болон мөнхийн амьдралаас хагацаж байна. Эцэг эхчүүд үр хүүхдүүд нь нэг л өдөр эдгээр сорилтуудтай нүүр тулгарна гэдгийг сайтар санаж байх учиртай. Үр хүүхдүүдээ бузар муугийн эсрэг тулаанд амжилттай тулалдахад нь бэлтгэх бэлтгэлийг төрөхөөс нь өмнө эхлэх хэрэгтэй. (хх 21.2)XX 21.2

    Үр хүүхдүүддээ энэ дэлхийд үр дүнтэй, аз жаргалтай амьдрал, ирэх дэлхийд эрхэм үйлчлэл хийгээд агуу жаргалыг хүртээх боловсролыг хэрхэн олгохыг ойлгохын тулд эцэг эхчүүдэд дэлхий дахиныхаас илүү мэргэн ухаан алхам тутамд нь хэрэг болно. (хх 21.3)XX 21.3

    Хүүхдийн Хүмүүжил бол Бурханы Төлөвлөгөөний Чухал Хэсэг.—Хүүхдийн хүмүүжил бол Христийн итгэлийн хүч чадлыг харуулах Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг. Эцэг эхчүүдэд үр хүүхдүүдээ амьдралд хөл тавихдаа анд нөхөддөө мууг бус сайныг үйлдэхэд нөлөөлж, хүмүүжүүлэх ариун үүрэг оногджээ. (хх 21.4)XX 21.4

    Эцэг эхчүүд ямар ч тохиолдолд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүргээ үл тоомсорлож умартах ёсгүй. Тэд хүний амьдралд хэрэгждэг хууль дүрмүүдийг анхааралтай судлахад цаг зарцуулах ёстой. Тэд үр хүүхдүүдээ эрүүл бие, саруул ухаантай болгож өсгөхийн тулд хэрхэн хандвал зохистой талаар өөрсдийгөө гэгээрүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгох хэрэгтэй. (хх 21.5)XX 21.5

    Өөрсдийгөө Христийн дагалдагч гэж нэрийдэгч олон хүмүүс харамсалтай нь гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл ойшоодог. Тэд Бурхан үр хүүхдүүддээ залуу хүнд урхи болохуйц үй олон сорилтуудыг даван гарах ёс зүйн тэсвэр хатуужилтай зан чанарыг төлөвшүүлэх чухал итгэл найдвар даалгасныг анзаардаггүй. (хх 22.1)XX 22.1

    Бурхантай Хамтран Зүтгэх Шаардлага.—Христ Эцэгээсээ шавь нарыг нь энэ дэлхийгээс авахыг гуйгаагүй харин тэднийг дэлхийн бузар муугаас хол байлгаж, тал бүрээс довтлох хатуу сорилтуудаас хамгаалахыг гуйсан. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ төлөө ингэж л залбирах ёстой. Тэгвэл тэд Бурханаас залбиран гуйсны дараа санаа амран үр хүүхдүүдээ дураар нь тавьж болно гэсэн үг үү? Хэрэв эцэг эхчүүд Бурхантай хамтран зүтгэхгүй бол, Бурхан хүүхдүүдийг бузар муугаас хамгаалж чадахгүй. Тиймээс эцэг эхчүүд урам зоригтойгоор үүргээ өндөрт өргөж, эцэж цуцалтгүйгээр урагшаа давших хэрэгтэй. (хх 22.2)XX 22.2

    Хэрэв эцэг эхчүүд үр хүүхдүүдээ Бурханы төлөө сурган хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаас хэзээ ч мултарч чадахгүй гэдгээ ухаарч итгэл дотор залбирал болон хичээл зүтгэлтэйгээр шургуу хөдөлмөрлөн гүйцэтгэх юм бол тэд үр хүүхдүүдээ Аврагчид хүргэж өгөхдөө амжилт гаргах нь лавтай. (XX 22.3)XX 22.3

    Үүргээ Биелүүлж Чадсан Эцэг Эх.— Нэгэн тэнгэр элч Зехариа, Елизабет хоёр дээр ирээд Христийн ирэлтийг зарлан тунхаглах элч болгохын тулд хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж, Бурхантай хамтран ажиллах ёстойг зааж өгчээ. Эцэг эх нь Иоханд Бурханы даалгасан үүргийг амжилттай биелүүлэх зан чанарыг төлөвшүүлэхийн тулд итгэлтэйгээр Бурхантай хамтран ажиллах ёстой болсон. (хх 22.4)XX 22.4

    Иохан эцэг эх нь нас өтөлсөн хойно төрсөн, ер бусын гайхамшгийн биелэл болсон тул эцэг эх нь, Эзэн түүнийг ашиглахыг хүсэж байгаа тул Өөрөө санаа тавих байх хэмээн шалтаглаж болох байсан. Гэвч тэд ийн бодоогүй, харин ч хүүг эцэг эхийнхээ заасан сургамж, заавар зөвлөгөөнүүдээс хөндийрүүлж болзошгүй хот суурин газрын элдэв сорилт, уруу татлагуудаас холдон, зэлүүд газарт нүүн очжээ. Тэд хүүдээ Бурханаас заяасан амьдралынх нь зорилгыг бүрэн дүүрэн биелүүлэхүйц зан чанарыг төлөвшүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн.... Тэд ариун үүргээ нэр төртэй биелүүлсэн. (хх 23.1)XX 23.1

    Хүүхдүүдийг Бурханы Даалгасан Итгэл Найдвар Хэмээн Тооц.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханаас тэнгэрийн гэр бүлд ороход бэлтгэ хэмээн даалгасан итгэл найдвар гэж тооцох учиртай. Тэднийг Бурханы хайр хийгээд Түүнээс эмээхүй дотор сурга, учир нь «Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл мөн. » (хх 23.2)XX 23.2

    Бурханд үнэнч хүмүүс гэр бүлийн амьдралаараа Түүний зан чанарыг харуулж байдаг. Тэд хүүхдүүдийнхээ хүмүүжлийг Хамгийн Дээд Нэгэний даалгасан ариун үүрэг хэмээн үздэг. (хх 23.3)XX 23.3

    Эцэг Эхчүүд Итгэгч Багш Нарт Тавьдаг Шалгуурыг Давах Естой.—Эцэг эхчүүд туйлын чухал үүргээ умартах болжээ. Эцэг эхчүүдээ сүнслэг нойрноосоо сэрцгээ, хүүхдийн сурах ёстой хамгийн анхны хичээлийг та нар өөрсдөө заах ёстойг ухаарцгаа. Та нар бяцхан хүүхдүүддээ Христийг мэдүүлэх ёстой. Та үүнийг хүүхдийн тань зүрхэнд Сатан үрээ цацахаас өмнө амжуулах ёстой. Христ хүүхдүүдийг дуудаж байна, тэднийг Түүн рүү дагуулж, ажил хөдөлмөр, ариун цэвэр болон дэг журамд суралцуулах хэрэгтэй. Христ тэднийг ийм дэглэмд суралцуулахыг хүсэж байна. (хх 23.4)XX 23.4

    Эцэг эхчүүд өөрсдийгөө дайчилж, ухаалаг, халгүй, Христэд итгэгч багш нар болохгүй л юм бол гэм нүгэл тэдний үүдэнд байх болно. (хх 24.1)XX 23.5

    Эцэг Эхчүүд Нэгдмэл Байх Хэрэгтэй.—Эхнэр нөхөр хоёр гэрийн сургуулийн ажилд тун ойр дотно нэгдэж ажиллах учиртай. Тэд маш дөлгөөн байж, үг яриагаа цэгнэх ёстой. Эс тэгвээс тэд Сатанд ялалтын араас ялалтуудыг авчрах сорилтын үүд хаалгыг нээж байгаа хэрэг болно. Тэд бие биендээ хүндэтгэлтэйгээр, элэгсэг, зохистой хандах ёстой. Аль аль нь бие биендээ сэтгэл булаам, халуун дулаан уур амьсгалыг орон гэртээ бий болгоход нь туслах ёстой. Тэд хүүхдүүдийнхээ дэргэд дүр эсгэх ёсгүй. Христэд итгэгчийн нэр төрийг үргэлж хамгаалдаг байх хэрэгтэй. (хх 24.2)XX 24.1

    Хүүхэд Бүрийн Онцгой Багш.—Хүүхдүүдийг хүмүү- жүүлэх энэхүү ажилд эх хүн нэн тэргүүнд зогсох учиртай. Эцэг хүн туйлын чухал, онцгой үүргийг хүлээсэн ч гэлээ эх хүн хүүхдүүдтэйгээ үргэлж, ялангуяа бага балчир насанд нь байнга хамт байдаг тул эх хүн ямагт тэдний онцгой багш бөгөөд дотны хүн байх ёстой. (хх 24.3)XX 24.2

    Боловсрол Бол Зөвхөн Заан Сургах Явдал Биш.—Эцэг эхчүүд Бурханы Бичигдсэн Үгээрээ дамжуулан ярих Бурханы дуу хоолойг дуулгавартай дагахад суралцах ёстой бөгөөд тэгэж байж хүүхдүүдийнхээ хүндэтгэл болон дуулгавартай байдлыг үг хийгээд үйлдлээрээ заан сургаж чадна. Энэ бол зөвхөн гэрийн нөхцөлд гүйцэтгэх ёстой үүрэг юм. Үүнийг хэрэгжүүлэгчид үр хүүхдүүдээ хөгжүүлэх ёстойгоо ухаарч, улмаар өөрсдөө ч хөгжих болно. Ийм боловсрол ердөө заан сургах байдлаар хязгаарлагдахгүй. (хх 24.4)XX 24.3

    Хойрго Хандлагатай Байж Болохгүй.—Гэр орны ажилд хойрго хандах явдал Бурханы шүүхийн шалгуурыг давахгүй. Итгэл, үйлс хоёрыг итгэгч эцэг эхчүүд хослуулах ёстой. Абрахам гэр бүлээ араасаа дагахыг тушаасны адил тэд гэр бүлээ захирч, араасаа дагуулах ёстой. Эцэг эх болгоны хүрэх ёстой жишиг бол тун тодорхой: Тэд «Эзэний замаар хүүхдээ дагуулах» ёстой. Бурханы хот руу чиглүүлдэггүй өөр бусад замууд бүгд дайсны тал уруу аваачих болно. (хх 25.1)XX 24.4

    Эцэг Эхчүүдээ Ажлаа Дүгнэ.—Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ сурган хэрхэн хүмүүжүүлж байгаагаа дүгнэж, Эзэн Есүсийн ирэх өдөрт хүүхдүүдээ баяр баясгалангийн титэм зүүлгэхийн тулд өөрдсийн хүлээсэн үүргээ итгэл, найдвартайгаар гүйцэтгэж чадаж байгаа эсэхээ нягталж үзэх болов уу? Есүс тэднийг тэнгэрээс хараад Ариун Сүнсээрээ хичээл зүтгэлийг нь ариусгах хүртэл үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө зүтгэсэн болов уу? Эцэг эхчүүдээ, хүүхдүүдээ энэ амьдралд хамгийн дээд зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө бэлтгэж, ирээдүйн алдрыг хуваалцах үүрэг та нарынх шүү. (XX 25.2)XX 25.1