Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
Адвентист Гэр Бүл - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Долдугаар Бүлэг - Нөхөр Ямар Байдалтай Байж Болохгүй Талаар

    Эхнэрээ хоёр дахин их асуудал үүрэхийг шаарддаг нөхөр. - Гэр бүлд янз бүрийн насны олон хүүхдүүд байдаг. Зарим хүүхдүүдэд эхийн хайр халамж, ухаан дээр суурилсан хүмүүжлээс гадна эцгийн хайр энхрийлэл дээр үндэслэсэн хэдий ч илүү хатуу нөлөө шаардлагатай байдаг. Цөөхөн эцгүүд үүний чухал ач холбогдлыг бүрэн ойлгож байна. Эцгүүд өөрсдийн үүрэг даалгавраа үл ойшоосноос эхчүүдийн нуруун дээр хүнд бэрхшээлүүд бууж ирдэг ба эр нөхрүүд эхийн гаргасан шийдвэрийг чөлөөтэй буруутган, шүүмжилж эхэлдэг. Эхнэр болон эх хүн бүх чадлаараа нөхцөл байдалдаа тохируулан шийдвэр гаргадаг боловч, хатуугаар шүүмжлүүлэн, хүнд үүрэг даалгавар үүрч, санаандгүй, сайтар бодолгүй үйлдсэн үйлдэл болгондоо маш ихээр харамсаж, шаналах шаардлагатай болдог. Үүргээ умартсан эр нөхөр эх хүний хүнд хүчир үүрэг даалгаврыг ойлгон дэмжиж, зүрх сэтгэлийг нь баярлуулах ёстой байтал шүүмжлэл хэлж, эхнэрээ санаа зовоох бараан үүлэн дор алхуулдаг. Нөхөр асуудлыг урьдчилан шийдвэрлэхэд туслахын оронд өөрийнхөө үүргийг умартсан мөртлөө өөрийнхөө болон эхнэрийнхээ хүслийг давхардуулан биелүүлэхийг шаардаж байгаа нь зохимжгүй. AГБ 227.1

    Олон эр нөхрүүд эхнэрүүдийнхээ өдрийн туршид эцэс төгсгөлгүй гэр орны ажилд баригдсан байдалд бэрхшээл, асуудлуудаа хэрхэн даван гарч байгааг ойлгон ухаарч, талархалтай хандахгүй байна. Тэд гэр орондоо ирэхдээ зангидсан хөмсөгтэй орж ирэн, гэр бүлийн хүрээнд ямар ч гэрэл гэгээ оруулж ирдэггүй. Хоол ундаа цагтаа хийгээгүй тохиолдолд гэр орноо цэвэрлэн, арчлан хамгаалан, хүүхдээ асарч, хоол ундаа хийх ажлуудыг дан ганцаар гүйцэтгэгч эхнэртээ бурууг үүрүүлж, ууртай үгс чулууддаг.AГБ 227.2

    Тушаал буулгагч нөхөр ундуйцсан хүүхдийг ядарч, эцсэн эхийн гараас нь авч тусалснаар эхнэрийнхээ гэр бүлээ хооллох үүргээ гүйцэтгэхэд тус болж болохыг ойлгох хэрэгтэй. Хүүхэд тайван бус болж, уурлан ярдаглах үед нөхөр хүүхдийг асран, тайвшруулан, чимээгүй болгох үүрэгтэй гэдгээ төдийлөн ухаардаггүй. Нөхөр эхнэрээ тайван бус, уурлаж ярдагласан бяцхан хүүхэдтэй хэдэн цагийн турш ноцолдсон болох талаар хэсэг зуур тунгаан бодохын оронд тэвчээр алдан, «Эхнэрээ, хүүхдээ ав» гэж дуудаж эхэлдэг. Хүүхэд эр нөхрийнх биш гэж үү? Нөхөр хүн хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ тэвчээртэйгээр гүйцэтгэх нь байгалиас заяасан үүрэг даалгавар биш гэж үү?AГБ 228.1

    Дарангуйлан захирагч нөхөрт өгөх зөвлөгөө. - Та эр нөхөр, эцэг болсноор гэр бүлээ удирдах бүрэн эрхтэй болсон гэж нэг талыг барьсан бодолд автагдаагүй үедээ илүү аз жаргалтай байх боломжтой. Та үйлдлээрээ гэр бүлээ нэгтгэн барьж байдаг бүслүүр байх ёстой үүрэг даалгавраа буруу ойлгосноо харуулж байна. Таны байнга санаа зовж, захиргаадсан байдал гэр бүлийн нөхцөл байдлыг сайтар тунгаан боддоггүй болохыг харуулж байна. Та дарангуйлан, захирсан зан чанараар харилцах бүрт үйлдэл тань эхнэр болон хүүхдүүдтэй нийцэх боломжийг үгүй хийж байна. Та ямар нэгэн шийдвэр гаргахдаа түүнийгээ цуцлах, өөрчлөх ямар ч хүсэлгүй болж байна. Та өөрийн хүсэл, төлөвлөгөөг биелүүлэхийг хүсч байхдаа буруу шийдвэр гаргаж байгаа ба үүнийгээ та ойлгож ухаарах хэрэгтэй. Танд хайр, тэвчээр, үг болон үйлдлээ хослуулах тал дээр маш их хичээл зүтгэл гаргах шаардлага байна. Одоогийн гаргаж байгаа шийдвэрүүд, таныг гэр орноо нэгтгэн хамгаалах бүслүүр бус харин дарангуйлан хавчигч хэрэгсэл болгож байна...AГБ 228.2

    Бусдыг өөрийн хүсэл бодлын дагуу байлгахаар хүчилснээр та маш их хохирлыг амсах болно, тиймээс эдгээр үйлдлүүдээ зогсоох хэрэгтэй. Таны бодол өөрт тань зөв мэт санагдаж болох боловч ихэнхдээ буруу байдаг болохыг анхаарах хэрэгтэй. Та өөрийн хүслээр аливаа зүйлсийг хийхийг хичээснээр гэр бүлээ хэт их зовоон, хүчийг нь шавхдаг. Тиймээс та буруу зүйлсийг хүч гарган, бодлогогүйгээр хүчилсээр байна.AГБ 229.1

    Та гэр бүлээ удирдах талаар бусад хүмүүсээс өөр үзэлтэй байна. Та эргэн тойронд байгаа хүмүүсийн эрх чөлөөг боогдуулж хэт биеэ дааж, дарангуйлан харилцаж байна. Та гэр бүлээ өөрийн хүчээр удирдах чадалтай ба жолоочийн гараар удирдуулагддаг машин адил гэр бүлийн бүх гишүүдээ удирдах ёстой гэж үзэж байна. Та бусдыг удирдан, эрх мэдлээ мэдрүүлэхийг хичээж байна. Энэ нь Диваажингийн бүтээлүүдийн дургүйцлийг хүргэж, өрөвдөн энэрэгч тэнгэр элч нарыг гомдоож байна. Та гэр бүлдээ ганцаар захирах эрхтэй мэтээр аашилж байна. Эхнэр тань бодол санаа, шийдвэрийг тань эсэргүүцэн, асуулт асуух үед та маш ихээр гомдоллодог.AГБ 229.2

    Хэдэр, яншаа нөхөр. - Нөхрүүдээ эхнэртээ сүнслэг амьдралаа хөгжүүлэх боломжийг өгөөрэй... Олон хүмүүс багаасаа хэдэрлэн, ярдагласаар байгаад том болсон ч бага насныхаа занг орхиж чадахгүй байна. Тэд бага насныхаа энэхүү аашийг орхиж чадаагүй байна. Тэд хэдэр зангаа хэт их дөвийлгөснөөс болж бүхэл амьдралаараа ундуйцаж, янших байдалд дарангуйлагдсан байна. Тэд ийнхүү зөвхөн өөрсдийн амьдралыг уйтгар гунигтай болгоод зогсохгүй, бусдын амьдралд нөлөө үзүүлдэг. Тэд хүн бүрийг эсэргүүцэн тэмцдэг Ишмайлийнх шиг зүрх сэтгэлтэй болсон байдаг. AГБ 229.3

    Хувиа хичээсэн, дүнсгэр нөхөр. - Нөхөр Б гэр бүлдээ гэрэл гэгээ бий болгох зан чанаргүй байна. Тэрээр зан чанарын хувьд өөрчлөлт шинэчлэлт хийж эхлэх шаардлагатай. Тэрээр нарны гэрэл байхын оронд бараан үүл адил болсон байна. Тэрээр хайрлан энэрч, хүндэтгэлийг нь хүлээсэн байх ёстой гэр бүлийнхээ гишүүдийг хүлээн зөвшөөрсөн үгс хэлж чадахгүй болтлоо хувиа хичээсэн байдалтай болсон. Тэрээр дүнсгэр, захирангуй, ихэрхсэн байдалтай байна. Түүний үгс бусдыг дайран доромжилсон байдаг ба зүрх сэтгэлийг шархлуулж байдаг. Тэрээр буруугаа ойлгож, гэмшдэггүй ба даруу дөлгөөн зангаар гэр бүлийн гишүүдийнхээ зүрх сэтгэлийг анагаах гэж хичээдэггүй....AГБ 230.1

    Нөхөр Б…………. зөөлөрч, найрсаг болж өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлагатай байна. Тэрээр бүх талаараа өөрийн биеийн тал хэмээн тооцогдох эхнэртээ маш эелдэг, зөөлнөөр хандах хэрэгтэй. Тэрээр зүрх сэтгэлд нь сүүдэр унагах ганц ч үгийг хэлж болохгүй. Тэрээр гэр орондоо өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх ёстой, гэр бүлдээ хайр энэрэлтэйгээр хандаж, харгис хатуу, бусдыг үл энэрэн хайрласан зан чанар, уучлал өршөөлгүй байдлаа даван гарах хэрэгтэй.AГБ 230.2

    Хувиа хичээсэн, дүнсгэр, бусдыг захиргаадсан эр нөхөр, эцэг өөрөө аз жаргалгүй болж хувирдаг ба гэр бүлийн бүх гишүүддээ уйтгар гунигийг төрүүлдэг. Тэрээр эхнэрээ уйтгар гунигтай, шаналсан зүрх сэтгэлтэй болгосныхоо шанг хүртэх ба хүүхдүүдийн зүрх сэтгэл хайр энэрэлгүй харилцаагаар сэвтдэг.AГБ 230.3

    Хүлцэнгүй биш, аминч нөхөр. - Та эхнэр болон хүүхдүүдээсээ хэт их зүйлийг хүсч байна. Таны шаардлага хэт өндөр байна. Хэрэв та баяр хөөртэй, аз жаргалтай зан чанараа хөгжүүлж, эхнэр хүүхэддээ эелдэг, зөөлнөөр хандахад суралцах юм бол гэр орон тань хар бараан үүл адил гунигтай, аз жаргалгүй байдлаар бүрхэхгүй. Та өөрийн үзэл бодлыг хэт өндөрт тавьж, хэт туйлширсан байр суурьтай байна. Та эхнэрийнхээ үзэл бодолд гэр бүлд эзлэх ёстой байр суурийг өгөх хүсэлгүй байна. Та эхнэрээ хүндэтгээгүйгээс болж үр хүүхдүүд тань ээжийнхээ үгийг хүндэтгэх байдалд суралцаагүй байна. Та эхнэрээ өөртэйгөө адил хэмээн үзэлгүй, бүх эрх мэдэл, удирдлагыг гартаа чангаар атгаж, түүнээсээ тавихыг хүсэхгүй байна. Танаас хайр энэрэл, халамжтай байдал ажиглагдахгүй байна. Та өөрийн муу зан чанарыг ялан дийлж, гэр бүлдээ Бурханы ивээлийг буулгахыг хүсч байгаа бол хайр энэрэл, халамжийг хөгжүүлэх хэрэгтэй.AГБ 230.4

    Христэд итгэгчдэд байх ёстой найрсаг байдлыг үл ойшоогчид. - Та эелдэг, найрсаг, энэрэнгүй байхыг сул дорой байдал гэж ойлгон, энхрий, найрсаг, хайраар дүүрэн байдлаар эхнэртэйгээ харилцах нь нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж бодож байна. Та жинхэнэ эр хүн болон нэр хүнд юунаас бүрддэг болохыг буруу ойлгожээ. Эелдэг байдлаар бус байдал тань зан чанарын доголдол, сул дорой байдлыг илэрхийлж байдаг. Таны сул дорой гэж үзэж байгаа байдлыг Бурхан жинхэнэ Христэд итгэгч хүнд байх ёстой найрсаг зан гэж үздэг. Найрсаг байдлыг Христэд итгэгч хүн бүр амьдралдаа бүрэн хэрэгжүүлдэг байх ёстой. Христ бидэнтэй эелдэг, найрсаг зан чанараар харьцдаг байсан. AГБ 231.1

    Нөхрүүд хайр, энэрлийг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. - Эр нөхөр уур уцаартай, дарангуйлсан, эхнэрийнхээ үйлдэлд шүүмжлэлтэй ханддаг бол эхнэрийнхээ хайр халамж, хүндэтгэлийг олж авч чадахгүй. Эхнэр ийм гэр бүлийн харилцаанд зэвүүцэн жигших болно. Өөрийгөө хайрлуулах боломжийг бий болгоогүй нөхрийг эхнэр нь хайрлахгүй. Нөхрүүд анхаарал, болгоомжтой, тууштай, итгэл даахуйц, энэрэл хайраар дүүрэн байхыг байнга хичээх ёстой. Нөхрүүд хайр, энэрлийг мэдрүүлдэг байх ёстой... Эр нөхөр Христэд итгэгч бүрийн төлөвшүүлэх ёстой уужим зан чанар, цэвэр ариун зүрх сэтгэл, өндөр өргөгдсөн оюун ухааныг төлөвшүүлсэн бол эдгээр нь гэр бүлийн амьдралаар илрэн харагдах болно... Ийм эр нөхөр эхнэрээ эрүүл саруул, урам зоригтой байлгаж чадна. Тэрээр урам зоригийн үгсийг хэлж, гэр бүлд амар тайван уур амьсгалыг бүрдүүлэх болно.AГБ 231.2